Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
"ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос

Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ

 

Монголчууд өнө эртнээс “Өрх гэр – төр улс, Төр улс – өрх гэр” гэсэн гүн сэтгэлгээгээр улс үндэстэн, айл гэрийнхээ оршихуйн эрдмийг бүтээж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлсээр ирсэн бөгөөд залуу гэр бүл, эцэг эхчүүд маань овог удмынхаа өмнө хүмүүн заяаг тэгшлэх үнэ хүндтэй хариуцлагыг хүлээж, “Зөв Монгол хүн” хэмээх дээд зэргийн чанарын баталгаатай, мэдлэг шингэсэн “бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх” давхар ухаан зарж, зохистой уран арга хэрэглэж амьдрах учиртай.

Гэтэл өнөөдөр гэр бүл, эцэг эх нь хүүхэд төрүүлэхээ мартаагүй атлаа тэдний хувь заяаг “Улсын төр”-д үүрүүлэн, хүмүүжил боловсролыг нь цэцэрлэг, сургуульд, эрүүл мэндийг нь эмч эмнэлэгт, дэг журмыг нь цагдаад гэх мэтчлэн бусдад хариуцуулах сэтгэлгээ газар авсаар байна. Харин сүүлийн жилүүдэд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”, ялангуяа хүүхдийн хүмүүжлийн эх үүсвэр нь эцэг эхэд нэн хамаатайг үндэсний бодлого, үзэл номлолд оруулж түгээмэл ярилцах болов.

Эрдэмтэн мэргэд хүний насан туршийн боловсролын 90 хувь нь тав хүртэл насанд хамаатай, үлдэх арваадхан хувь нь зургаагаас цааших урт хугацаанд харъяалагддаг тухай сургадаг. Тэгвэл өнөөдөр хүүхэд зургаан настай сургуульд ордог боллоо. Иймд сургуулийн өмнөх нас нь хүний хөгжлийн хамгийн эмзэг, хурц тусгалтай, бөх үлдэцтэй үе учраас гэр бүл, эцэг эхэд хамгийн их хамаатай нь ойлгомжтой.

Овог удмаа цэвэр ариунаар залгамжлах, авч явах нь гэр бүл, эцэг эхийн хойч үедээ үлдээх нэгэн том хариуцлага бөгөөд тэдгээрийн үр дүн нь айл гэрийн амин эрдэнэ болох хүүхэд, түүнийг овог удмаа залгамжилсан зөв хүн болгож хүмүүжүүлэхээс эхлэх билээ. Тиймээс таны үнэт цагийг хэмнэх зорилгоор бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг атлаа мартаж үл болох мэдээллийг энэ хэсэгт цухас төдийгөөр дурдав.