Монголчуудын мэндлэх хүндлэх ёс заншил

Mонголчууд шиг мэндлэх хүндлэх нарийн дэг ёс, өвөрмөц онцлогтой ард түмэн дэлхийд ховорхон байдаг. ХХ зууны эхэн үед монгол орноос аялаж явсан нэгэн жулчин монголчуудын мэндлэх хүндэтгэх ёсны тухай нэгэн сонирхолтой мэдээг үлдээсэн байдаг. Түүнийг хөдөө нутгаар явж байхад нэгэн монгол эр ноёнтойгоо алс бээрийн зайнаас мэхийн мэндлэж байгааг хараад ямар их хүндэтгэл үзүүлж байна вэ хэмээн бодоод өнгөрчээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө эр ноёнтойгоо хөөрөг зөрүүлэн хууч хөөрөөд сууж байхыг хараад учрыг ер ойлгосонгүй хэмээн гайхширсан байдаг.

Монголчууд мэндлэх ёсыг хүний төдийгүй төрийн ёсонд хамааруулан үзэж мэндлэх хүндлэх зан үйл, дэг ёсыг зөрчсөн хүнийг зэмлэн цээрлүүлдэг байсан уламжлалтай. Мэндлэхдээ дүүмэд хүн ахмад хүнийхээ амар мэндийг, эгэл хүн эрдэмтэн баатар, эзэн дээдсийнхээ амгаланг эрж айлтгадаг нарийн дэгтэй. Олон хүнтэй мэндлэх золгохдоо насны эрэмбээр нь эхэлж мэндэлж золгодог. Мэндлэхдээ дууны өнгө, нүдний харц, биеийн хөдөлгөөнөөрөө гүн хүндэтгэл үзүүлж мэндчилгээнийхээ үгийг уужуу тайван, тод гүйцэт хэлж мэндчилдэг.

Монголчуудын мэндчилгээ ёсолгоог:

  • Иргэний
  • Төрийн ёслол
  • Цэргийн
  • Эрдэмт мэргэдийн буюу номын ёсны зэрэг олон төрөлд хувааж болдог.

Хоёр хүн мэндлэлцэхдээ насаар дүү буюу тушаалаар бага нь эхэлж амрыг нь эрдэг. Мэндийг заавал өгүүлбэрээр хэлэх ёстой. Хавьд уулзаагүй удсан ахмад хүн ах эгч, аав ээжтэйгээ уулзахдаа эсвэл шинийн мэнд дэвшүүлж байгаа бол: Та амархан сайн байна уу гэнэ. Хариуд нь Сайн байна аа! гэж хэлээд өөрийнхнийг амар мэндийг лавлан мэндэлнэ. Мэндлэхдээ заавал (та, та нар, та бүхэн гэх мэт мэндийг нь асууна) эзэн биетэй хэлдэг ёстой. Нэг дор нутагладаг, ажилладаг, байнга уулздаг хүмүүс уулзахдаа та сайн байна уу? Танаар сонин сайхан юутай байна гэж мэндэлдэг. Харин сайн уу? юу байна гэж эзэн биегүй ярих нь хэн нэгийгээ хүндлэх биш, үл тоомсорлож байгаа хэрэг. /Монгол угсаатны бага нэвтэрхий толь. УБ.1993., Х-102/

Аливаа зочныг хэрхэн угтаж үдэж байгаагаар нь тэр зочныг ямар хэмжээнд хүндэтгэж байгааг мэдэж болдог. Хамгийн хүндтэй эрхэм зочныг унаа хөсгөөр холоос тосч угтдаг. Ховор ирдэг зочныг гэрээс гарч угтан хүлээн авдаг. Орчин цагт гадны өндөр дээд зочид, төрийн удирдах дээд албан тушаалтнууд хөдөө орон нутагт айлчилахад өөрийн орон нутгийн захад очин тосч хүлээн авах, үдэж гаргадаг. Энэ нь монголчуудын уламжлалт угтах ёсны уламжлал юм. Ирж буй хүний өөдөөс хоосон сав, үнс, хог барьж гарах ус цацахыг цээрлэдэг. Айлд орох, гарахдаа айлын ямар нэгэн юман дээгүүр алхаж гардаггүй. Хэрэв айлын үүдэнд ямар нэгэн улаан эд уясан, дээс татсан, шилмүүс мод хатгасан байвал хөл хориотойг тэмдэглэсэн тэмдэг юм .

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг байна. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болно.

Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.

Ахмад хүмүүстэй золгохдоо алгаа дээш харуулан тохойг түшин амар мэндийг асууж золгоно. Ахмад настангууд дүүмэд хүнтэй золгохдоо тохой түшсэн гар дээр алгаа дээш харуулан тавьж золгож буй хүнээ үнсэж болдог. Нялхас балчир хүүхдүүдтэй золгохдоо магнайг нь үнэрлэж золгоно.

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсаны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгож буй хүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүхмөсөн өгч золгодог ба үр хүүхэд нь эцэг эхдээ хадаг барин золгоно. Бурхантай хадгийг эцэг эхдээ, тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүнд барьж золгоно.

Хадагтай золгох ёсонд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээсбаруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно.