Эх сурвалж: Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Ж.Раднаабазар
"Угийн бичиг-Mongolian Genealogy" номын хуудас 7-8, 2008 он

Генийн тухай ойлголт

Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромосомыг энэ тэнцүүгээр хүүхэд хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.

Өчүүхэн жишээ хэлэхэд таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:

  • 1. Яс, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
  • 2. Ах дүү, төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх
  • 3. Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)

Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн тодор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл чийрэг чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.